АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, УТААНААС САЛАХ ЦОРЫН ГАНЦ АРГА ЗАМ НЬ ОРОН СУУЦЖУУЛАХ

Уншсан тоо: 209
Нийтлэгдсэн: 2019 оны 10 сарын 11

Өвлийн улиралд Улаанбаатарын утаа, агаарын бохирдол шүдний өвчин болдог байсан бол өнөө жил халуун намраас эхлээд л угаарын асуудал дээрээс нь нэмэгдлээ.

Нийслэлд түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглож, сайжруулсан түлшийг гэр хорооллын иргэдэд нийлүүлж эхэлсэн ч, түлшиндээ байсан уу, пийшин зуухандаа байсан уу, тухайн иргэдийн болгоомжгүй хайхрамжгүй байдлаас шалтгаалсан уу, ямарваа нэгэн хорлох үйл ажиллагаа явагдсан уу, ямартай ч иргэд угаартаж, нас барсан тохиолдлууд удаа дараалан гарлаа.

Утаа, агаар, хөрсний  бохирдлоос салах, гэр хорооллын иргэдийг ая тухтай амьдруулах, нийслэлийнхээ өнгө төрхийг сайжруулах цорын ганц арга зам бол ОРОН СУУЦЖУУЛАХ. 

"Орон сууцжуулах хэрэгтэй" гэж үе үеийн Засгийн Газар, эрх баригчид ярьдаг, лоозогнодог ч  дорвитой ахиц гарсангүй... 

Гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц, гэр хорооллыг дэд бүтэцжүүлж, тохилог амины орон сууцанд амьдрах боломжоор хангах, орлогод нийцсэн орон сууц барих... гэх зэргээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч нэг л далайц багатай, уялдаа холбоо муутай, ярьж төлөвлөж, хажуугаар нь улс төржсөөр байтал хамаг цаг хугацаа өнгөрч, гэр хороолол нь дийлдэхээ больж, тэнд амьдарч буй айл өрхүүдийн дийлэнхи нь ядуурлын түвшинд очиж байна.

Төрийн бодлогоор хэрэгжсэн "Түрээсийн орон сууц", "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн дүнд жилд 1000-2000 орчим айл гэр хорооллоос орон сууцанд орлоо гэж бодоход, түүнээс хэд дахин илүү айл өрх гэр хороололд нэмэгдэн утаа тортог, угаадас, хог улам л ихэсч байна. 

Ойрын, дунд хугацааны, урт хугацааны бодлогууд хэрэгжүүлж аливаа үр дүнд хүрдэг гэж ярьдаг, төлөвлөдөг хэдий ч утаа, агаарын бохирдолтой тэмцэж байгаа ойрын зорилтууд болох гэрийн дулаалга, зуух яндан зэрэгт дэндүү их мөнгө зарж, маш их хугацааг зарцуулжээ. 

Өөрөөр хэлбэл, утаа нь улс төрчдийн мөнгө олох нэг төрлийн арга хэрэгсэл болоод удаж байна.

2008-2016 он хүртэл зөвхөн найман жилийн хугацааны агаарын бохирдлыг бууруулах ажилд аудит оруулсан байна. 2008-2016 онд нийтдээ 164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар буюу 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Энэ мөнгөөр утаа, агаарын бохирдол ихтэй бүсийн 30 мянган өрхийг орон сууцжуулах боломжтой байсан. Иргэд заавал 30 хувь гэхгүй, 10 хувь, 20 хувийн урьдчилгаа төлөх, эсвэл түрээслэх, улмаар түрээсэлж байгаад өмчилж авах хэлбэрүүдийг сонгож орон сууцанд орж болох байв. 

Гэвч агаарын бохирдлын эсрэг, утааны эсрэг нэрээр их хэмжээний мөнгийг салхинд хийсгэсэн байгаа юм.

                                                                        Орон сууцны эрэлт, нийлүүлэлт

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар "Тэнхлэг зууч" компанийн өнгөрсөн онд хийсэн эрэлт нийлүүлэлтийн судалгаанаас харагдаж байна.

Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.

Нийлүүлэлтийн хувьд ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.

Ойрын 3 жилийн хугацаагаар авч үзвэл, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33,102 айл, орон сууцны боломжит нийлүүлэлт 38,514 байгаа бөгөөд 5412 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэлтэй байхаар байна.

                                              Орон сууц хэрэгцээтэй ч одоо хүртэл худалдаж аваагүй шалтгаанууд

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 216,913 өрхөд орон сууц хэрэгцээтэй байгаа бөгөөд эдгээр өрхүүд одоо хүртэл орон сууц худалдан аваагүй гол шалтгаан нь:

1.Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй,

2. Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр,

3.Өрхийн орлого нь зээл төлөлтөд хүрэлцдэггүй

Дээрхи шалтгаануудын улмаас орон сууц худалдан авч чадахгүй байна. Голлох шалтгаанууд өрхийн санхүүтэй холбоотой хүндрэл байгаа юм. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох хэрэгтэй. 

                        Урьдчилгаа бүрдүүлэх нөхцлүүд, ипотекийн зээлд хамрагдах хугацаа, орон сууцны сонголтууд

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээтэй 216,913 өрхөөс 71,798 өрх тодорхой хэмжээгээр урьдчилгаа төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрөө одооноос цуглуулж эхлэх, зарим өрхийн хувьд өөрсдийн хуримтлалаасаа бүрдүүлэх хүсэлтэй байна.

Түүнчлэн газраа чөлөөлөн байраар солих хүсэлтэй 62,705 өрх, тухайн орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компанитай хувь лизинг хийх хүсэлтэй 26,190 өрх байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ойрын 5 жилийн хугацаанд  ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа 71,798 өрхийг зээлд хамрагдах хугацаагаар нь авч үзвэл:

-2018 онд 15.245 өрх, 

-2019 онд 27.860 өрх, 

-2020 онд 20.281 өрх,

-2021 онд 3697 өрх,

-2022 он болон түүнээс цааш онд 3715 өрх ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болох хүсэлтэй байна.

Урьдчилгаа төлбөр төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өрхүүдийн хувьд дунджаар 59,5 м.кв талбайтай, нийт үнийн дүн 72.992.638 төгрөгөөр орон сууц худалдан авах хүсэлтэй байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгож буурууллаа гэж үзэхэд, худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт 31.576 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 1279 өрхөөр нэмэгдэж байна.

Харин ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгож бууруулж үзэхэд, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33.942 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 3645 өрхөөр нэмэгдэж байна.

                                                                      Түрээсийн орон сууцны хэрэгцээ

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхийн 16.717 өрх нийтийн орон сууцанд 14.686 өрх дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 13.016 өрх монгол гэрт, 329 өрх дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, амины орон сууцанд амьдарч байна. 

Орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхийн 10.364 өрх нь тухайн сууцаа түрээсэлж амьдардаг бол 4890 өрх нь бусдын өмчлөлийн байранд төлбөргүйгээр амьдарч байна.

Ойрын 3 жилийн хугацаанд орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрхийн 28,5 хувь нь гэр  бүлийн бусад гишүүдийн хэрэгцээнд зориулж, 28,1 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй гэсэн шалтгаанаар түрээслэх сонирхолтой байна. Харин эдгээр өрхийн 33,9 хувь нь залуу гэр бүл, 23,2 хувь нь хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгсэд байна.

Орон сууц түрээслэх хүсэлтэй өрхүүд дунджаар 31-50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 4-5 жилийн хугацаатай түрээслэн өөрийн болгох сонирхолтой байна.

Орон сууц түрээслэх хэрэгцээтэй өрхүүдийн хувьд: 1 өрөө байрыг дунджаар 201.000-300.000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 5761 өрх байгаа бол 2 өрөө байрыг мөн адил үнээр түрээслэх хүсэлтэй байна. Харин 3 өрөө байрыг 401.000-500.000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 2573 өрх байна.

Орон сууц түрээслээд тодорхой хугацааны дараа өөрийн болгон өмчилж авах хувилбарыг иргэд ихээхэн сонирхож байгаа нь судалгаанаас харагдаж байна.

 Мөн гэр хорооллын иргэд газраа эргэлтэд оруулах сонирхолтой байна.

-Бэлэн мөнгөөр болон зээлээр борлуулагдах

-Түрээслэнгээ өмчлөх

-Газраа эргэлтэд оруулж орон сууцаар солих, урьдчилгаа төлбөрт тооцуулах 

-Дэд бүтцэд холбогдож өөрийнхөө газар дээр хямд төсөр орон сууц барих гэсэн 4 чиглэлээр иргэд орон сууцтай болох боломжтой юм.

                                               Гадны орнууд иргэдээ орон сууцжуулахад хэрхэн анхаардаг вэ?

Энэ удаа Канадын жишээг сонирхуулъя. 

-Канадад, өмнө нь орон сууц огт авч байгаагүй, эсвэл сүүлийн 5 жил байр эзэмшээгүй хүн хөнгөлөлттэй зээлээр орон сууц авахдаа үнийн дүнгийн 5 хувийг урьдчилгаа болгож төлдөг. Харин бусад хүмүүс 25 хувийг төлдөг байна.

-Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 6,5 хувь, хугацаа 25 жил. Тухайн иргэн сургууль төгссөн, нэг жил ажилласан байхад л орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж. Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд 60 гаруй жил болоход Канадын гурван иргэн тутмын нэг нь хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

-Канадын хууль тогтоомжийн дагуу иргэдийг байр худалдаж авахад нь зориулж тусгай хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлдэг байна.

-Орон сууц худалдаж авах юм уу бариулахыг хүссэн иргэн тэтгэврийнхээ данснаас 25.000 хүртэл долларыг ашиглах эрхтэй. Ингэхдээ тухайн иргэн орон сууцаа өөрөөсөө гадна хөдөлмөрийн чадваргүй ойр дотныхоо хүнд зориулан худалдан авах юм уу бариулж болдог байна.

Тэтгэврийн сангаас авсан мөнгөө 15 жилийн дотор эргүүлэн төлөх ёстой. Хэрвээ иргэн тухайн жилдээ тодорхой мөнгийг буцаан төлөөгүй бол түүнд нь орлогын албан татвар ногдуулдаг байна. Канадын Үл Хөдлөх Хөрөнгийн Холбооноос хийсэн судалгаагаар 1992-2008 оны хооронд 2 сая гаруй иргэн дээрхи боломжийг ашиглажээ.

-2009 оны нэгдүгээр сараас хойш байр авсан хүмүүст 750 долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ.

-Эдгээр хөнгөлөлтүүдээс гадна Канадын Засгийн Газар 2008 оноос орон гэргүй, нэн ядуу хүмүүст зориулсан 1,9 тэрбум долларын хөрөнгө оруулалттай орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол