Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
  • Хурд группын барьсан "KH"-ын 11 давхарт 40м2-тай 2 өрөө байр яаралтай түрээслүүлнэ. Утас:95091069
  • БГД, Гэмтэлийн эмнэлэгийн голийн зам дагуу байршилтай орон сууцны 1 давхарт байрладаг 280м2 талбайтай худалдаа үйлчилгээ зориулалттай үйл ажиллагаа
  • БЗД, Жуковт жоби-72 ард байрлалтай 12 давхарын 10 давхарт урагшаа баруун харсан цонхтой 60м2 талбайтай 2 өрөө байр яаралтай зарна. Жич: Гал тогооны
  • Хотын төвд 2-р 40 мянгатад 24-р сургуулийн хажууд 16-р байранд 2 өрөө байр зарна, хуучнаар 29м2, гаднаа машин зогсоол хүүхдийн тоглоомын талбайтай.
  • БЗД, Жуковийн замынхаа урд орон сууцны доор 288м2 талбайтай тойрсон 10 цонхтой 5 өрөөтэй хагас фодваль зарна. Одоо үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж
  • БЗД, Сансарийн тунелд 5давхарын 2 давхарт цонх нь баруун болон хойшоо харсан 3 өрөө байрыг яаралтай зарах буюу түрээслүүлнэ. Жич: Сургууль,
  • БЗД, Номноо хотхонд 10давхарын 6 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой 88,51м2 талбайтай 3 өрөө байрыг яаралтай хямд зарна. Жич: Гал тогооны
  • СХД, 15- р хороо, 1-р хороолол 19-р байранд хуучны 44м.кв-тай урагшаа-2 хойшоо-3 харсан нийт 5 цонхтой 2 болкон 2 харанхуй өрөөтэй тохилог саруулхан
  • СХД, 1-р хороолол 32-н автобусны буудлын хойно шинээр ашиглалтанд орсон Саруул өргөө-2 байры 12 давхарт 29,5м.кв-тай 1 өрөө байр зарна. Утас:
  • СХД, 1- р хороолол Цамбагаравт угсармалын 9 давхарын 2 давхарт гал тогоо тусдаа, ванн 00-н өрөө тусдаа 4 өрөө байр зарна. Сулласан байгаа
  • БЗД, Олимп хотхонд ашиглалтанд орсон шинэ 5давхарт байршилтай цонх нь наран талдаа 121,6м2 талбайтай 4 өрөө байрыг яаралтай зарна. Жич: нүүгээд
  • ХУД, Нүхтийн аманд байгалийн үзэсгэлэнт газар 900м2 газартай 225м2 2давхар хаус зарна. Жич: каракасан цутгалттай 64-н тоосгон ханатай, цэвэр бохироо
  • БГД, Нарны хороололд шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 1 давхарт байршилтай баруун харсан 3 цонхтой шууд нүүгээд ороход бэлэн 76,46м2 талбайтай 3
  • ХУД, Могул таунд эрүүл цэвэр агаарт шинэ ашиглалтанд орсон 10 давхарын 2давхарт байршилтай баруун зүүн харсан цонхтой 117,49м2 талбайтай 3 өрөө
  • СБД, Элчингийн хороололд бүрэн тавилгатай 10 давхарын 2давхарт зүүн харсан цонхтой хүн амьдараагүй шинэ 3өрөө байрыг гадаад болон дотоодын иргэнд
  • СХД, 19-р хороо, 5 шард байршалтай Залуус хороололд гэрчилгээ нь гарсан 8%-ийн зээлд хамрагдах боломжтой 1-3 өрөө орон сууц зарна.
  • СХД, 21-р хороо, 61-ын гармын цаана 3500м2 газартай, 12x9 хэмжээтэй өвлийн байшинтай ногооны талбайтай, гүний худагтай 60 үхрийн фирм зарна. Жич: Цаг
  • БГД, Төмөр замд, Барс захын хойно 2008 онд ашиглалтанд орсон 6 давхрын 5 давхарт 50 м2 талбайтай баруун тийшээ харсан цонхтой 2 өрөө байрыг яаралтай
  • БЗД, Шинэ дөл хотхоны хажууд байршилтай 2014 оны 04-р улиралд ашиглалтанд орох 12-4 давхарт бүх цонх нь наран талдаа 2 өрөө 48,9 м2 байрыг маш хямд
  • СБД, Шарга морьтын зусланд модон дундаа 1000м2 газартай тоосгон 38-н ханатай мансартай байшинтай террастай, нэг машины гаражтай зуслангийн байшин
  • БЗД, Кристалл таун хотхонд 16давхарын 4давхарт бүх цонх нь наран талдаа 79,56м2 талбайтай 3 өрөө байр, гаражийн хамт яаралтай хямд зарна. Жич: гал
  • СХД, Геологийн лаборторийн ард төв зам дагуу байршилтай 1га газартай 2,210м2 талбайтай 2 давхар оффис болон үйлдвэрийн зориулалттай дүүжин крантай
  • СХД, Хархорин захын ард байрны дунд байршилтай 400м2 талбайтай, 5давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг техникийн нөхцөл гарсан одоо барилга
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд шинээр ашиглалтанд орсон Наран өргөө орон сууцны 1 давхарын 400м.кв талбай
  • БЗД, Бөхийн өргөөнөөс урагшаа Наран ундраа төвийн баруун талд Наран өргөө орон сууцны 41,2; 42; 50; 37; 67; 70мкв оффисын байруудыг түрээслүүлнэ.
  • БЗД, Шинэ дөл хотхоны зүүн талд шинээр ашиглалтанд орсон байранд 59,45м.кв 2 өрөө байр худалдана.
  • БГД, 25-р эмийн сангийн ойролцоо 51-р сургуулийн зүүн талд байрлах 2008 онд ашиглалтанд орсон 5 давхар байрны 5 давхарт нь баруун болон хойшоо харсан
  • БГД, 4-р хороо, 10-р хорооллын замын урд голден парк хотхоны хажууд байрлалтай одоо ашиглалтанд орж байгаа Цоглог хотхонд 5 давхрын 56мкв талбайтай,
  • БЗД, Эрэл сургуулийн чанх урд 6 давхар байрны 2 давхарт 140м2 талбайтай, гал тогоо тусдаа, 3 том унтлагын өрөөтэй, 2 ариун цэврийн өрөөтэй, баруун
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
Хүн үнэмшмээргүй хөгийн цуу ярианаас болж байрны үнэ хөдөлдөг
2013 оны 3 сарын 14

 

 

“Москва Комплекс” компанийн Эдийн Засгийн Асуудал эрхэлсэн дэд захирал Т.Гансүхтэй ярилцлаа.

 

 

- Саяхан болсон барилгын ажилтны зөвлөгөөн дээр орон сууцны үнийн асуудал дээр өөр байр суурьтай байгаа тань харагдсан...Яагаад тэр вэ?

 - Бид зах зээлийн баримжаатай ардчилсан оронд амьдарч байна. Зах зээлийн нийгмийн  хамгийн хүчирхэг хууль бол хүн та юу хүсэж байна түүнийгээ хуулийн хүрээнд сонгох боломжоор хангагдах асуудал байдаг. Харин боломж байхад хэрхэн авч хэрэгжүүлэх нь тухайн хэрэглэгч, нийлүүлэгчийн хоорондын тохиролцоо, наймаалцах урлагтай холбоотой асуудал. Энэ наймааны чухал хэсэг  нь үнэ.

Монгол Улс хэрэгцээт барилгын материалынхаа ихэнхи хувийг дэлхийн зах зээлийн үнэ  төлж импортоор оруулж ирдэг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд: арматур, цемент, будаг, хадаас, төмөр утас , хар цаас, төрөл бүрийн хавтан, дулаалгын материал, сантехникийн материал, тоноглол, цахилгааны материал гэх мэт маш бүх зүйлээ л гаднаас авч байна. Дээрээс нь барилгын үйлдвэрлэлийн ажлын хүнд хүчрийг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл, машин механизмынхаа үндсэн хүнс болсон түлш шатахууныг 100% импортоор авч байна.Гэтэл тэр материал, машин механизм, багаж хэрэгслэлээр барьсан барилга дэлхийн зах зээлийн үнээс хямд байж чадах уу? Манай байгаль цаг агааартай ижил нөхцөлтэй улс орнуудад 1 метр.квадрат нь 750 ам долларын үнэтэй зарагдаж байгаа барилга олон байдаг уу? Өртөг нь үнээсээ өндөр болж алдагдалтай болоод ирэхээр хэн, ямар барилгын компаниуд орон сууц барьж зовлогоо зовоохов.

-Гаднаас нь харсан ч дотор нь ороод үзсэн ч бараг ялгагдах юмгүй шахуу байрнуудын үнэ хол ялгаатай байх юм. Энэ ямар учиртай вэ?

-Нэг зургаар хийсэн, ойролцоо төсөвтэй хоёр барилга байршлаас хамааран маш их үнийн зөрүүтэй зах зээлд  арилжаалагддаг. Уг үнийн зөрүү нь  хэрэгцээний өртөг буюу сонголтын төлбөр юм. Барилга үйлдвэрлэлийн салбар маш өвөрмөц онцлогтой салбар. Өөрөөр хэлбэл захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Барилга бэлэн бүтээгдэхүүн болтлоо олон шат дамжлага дамжиж, хугацаа их шаарддаг, олон худалдан авагчтай, нийтээрээ нэг бүтээгдэхүүнийг хуваан эзэмшдэг, нүүлгэн шилжүүлэх боломжгүй, үнэ өртөг ихтэй  өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн шүү дээ. Хэдийгээр зарагдаж байгаа үнэ нь ондоо боловч уг барилгын төсөвт өртөг ойролцоо байх магадлалтай. Харин барих явцад тухайн компанийн барилга үйлдвэрлэлийн менежментээс шалтгаалж гүйцэтгэлийн өртөг өөр болж болно.Зарагдаж буй үнэ бол ямар ч байж болно.

-Өртөг нь ойролцоо юм бол яагаад үнэ өөр байж болох гэж?

-Сүүлийн үед орон сууцны барилгын үнийг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тухай их ярих боллоо. Энэ үг орон байрны хэрэгцээтэй хүмүүст чихэр мэт сайхан сонсогдох нь мэдээж. Гэхдээ сая төгрөгийн цаана юу байх вэ гэдгийг энгийн иргэд тэр бүр мэдэхгүй, мэдэхийг  ч хүсэхгүй байж магад.

Байрны үнэ маш олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Зарим нь бүр хүн үнэмшмээргүй хөгийн цуу ярианаас болж ч хөдөлдөг. Гэхдээ өнөөгийн бодит байдалд үнэ ханшид хамгийн их нөлөөлсөн зүйл бол дарга даамлын амнаас гарч буй бодлогогүй хэлсэн үгс, эсвэл тал зассан шоунаас үүсэлтэй гэж бодож байна.

Тодруулж хэлэхэд юу юугүй хэдэн зуун мянгаар орон сууц барьчихна гэсэн хөөргөн яриа. Энэ ярианаас бага үнэтэй олон орон сууц  баригдах нь гэсэн хүлээлт эсвэл өнөө маргааашгүй худалдаж аваад эхлэх гэсэн эрэлт бий болж үнэ ханш тогтворгүйтэн савлаж эхэлсэн. Харин эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй, тогтвортой үед  худалдагч, худалдан авагч нарын хэлцлээр тогтсон үнүүд нийлж зах зээлийн дундаж үнэ ханшийг бүрдүүлэх  ёстой. 100000 айлын орон сууцны хөтөлбөрт олон компанийн барилгыг нэр, хаяг зааж оруулсан  боловч тэдгээр барилгууд баригдсангүй. Зарим нь бүр ор сураггүй, ухсан нүх, овоолсон шороо ч үгүй  байгаа. Тэгэхээр нэг талаас нийлүүлэлт дутсан, нөгөө талаас энэ их хэрэгцээг бага хүүтэй банкны зээлээр дэмжихээр зарласан нь эрэлтийг огцом нэмэгдүүлсэн. Олдсон боломжийг ашиглан орон байртай болох гэсэн хүмүүсийн давалгаа үнийн хөөрөгдлийг бий болгож, эцэст нь байр ч үгүй баахан өссөн үнэтэй, сонголт муутай дутуу баригдсан барилгын хэдэн суурьтай үлдээд байна.Эцсийн дүнд  худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ л жинхэнэ зах зээлийн өнөөгийн  бодит эрэлт байдаг. Эндээс зах зээлийн дундаж үнэ ханш тогтох хуультай.

-Цаашид орон сууцны үнэ ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-Хүмүүсийн хүсэл сонирхолд хүлээцтэй хандах  учиртай. Орон сууц худалдан авна гэдэг иргэн хүний амьдралдаа хийж буй томоохон хөрөнгө оруулалт. Үл хөдлөх хөрөнгийн    ирээдүйн өгөөжийг бодолцож ямар үнээр, аль орон сууцыг хэзээ авах вэ гэдгээ хувь хүн тооцох учиртай. Тэгэхээр бид хувь хүмүүсийн сонголтонд хэтэрхий түрэмгий хандаж болохгүй. Тухайн үед харьцангуй өндөр үнээр авсан ч алсдаа хямдхан үнэтэй орон сууцнаас нь илүү өгөөжтэй байна гэж харж чадвал заавал хямд үнэтэй орон сууц ав гэж тулгаж болохгүй шүү дээ. Амьдрал ядуу манай иргэдийн хувьд эдийн засгийн баталгаа буюу барьцаа хөрөнгө болдог ганц зүйл орон сууц. Банкнаас зээл авахдаа өнөө ганц байраа барьцаанд тавихаас өөр арга байдаггүй. Тэр ч бүү хэл зарим жижиг компанийн захирлууд хүртэл аминыхаа орон сууцыг банкны  барьцаанд тавьдаг нь нууц биш. Барилгын өртөгт бодитой гарсан зарлага, үрлэг багтдаг. Харин үнэд барилга барихад гарсан зардлаас гадна худалдан авч буй хүний ирээдүйд тухайн барилгаас орох ашиг, хувь хүний сэтгэл ханамж, ирээдүйн үнэ цэнэ багтаж байдаг. Бид үүнийг харж чадахгүй байна гэсэн үг.

-Тэгвэл орон сууцаар хангах ямар боломж байна вэ?

-Монголчууд бид социалист эдийн засгийн үед аливаа өмч хөрөнгийг  бүх нийтийн эсвэл улсын гэж үзэж ирснээс хувийн, миний гэх үзэл санаа одоог хүртэл бүрэн төлөвшиж суугаагүй байна. Хувь хүн, айл өрх болгон хувийн өмч, үл хөдлөх хөрөнгөтэй болж улмаар удаан ашиглаж, хуримтлал бий болгох бололцоог бүрдүүлэх нь ганц нэг айлд гэр өгч өнөө маргаашийг аргацаахаас илүү холыг харсан улс төрийн бодлого байх ёстой.

Орон сууцны нийлүүлэлтээс давсан их эрэлтийг бий болгосон хүү багатай урт хугацааны банкны зээл огт хэрэггүй зүйл байгаагүй. Гагцхүү бид цаг үеэ буруу тооцож, тооцоо судалгаагүй сүржигнэснээс асуудал үүссэн гэж бодож байна.

- Барилгын ажлын ид үе эхлэх нь. Салбарын хувьд хэр бэлтгэлтэй байх шиг байна?

-Салбарын хувьд бүтээн байгуулалтын нүсэр их ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Үндсэндээ конторын ажил, бичиг цаасны ид ажил дээрээ байна. Энд маш олон асуудлыг төлөвлөгөөтэй, төсөвтэй нягт нямбай хийх шаардлагатай болдог. Барилга гэдэг эхлээд хүний санаанд, дараа нь цаасан дээр бууж, түүнийг нь олон талаас нь дүгнэж цэгнэж, хянаж баталгаажуулж  байж ажил эхлэх эрх нь нээгддэг ажил. “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр яарч сандран хам хум дутуу бэлтгэлтэй ажилдаа гарвал ажлын үр дүн гарахгүй бие биендээ садаа болсоор байгаад ахиад л дараагийн өвөлтэй золгоно. Товчхон хэлэхэд хуучин оныхоо ажлыг дүгнэж алдаа оноогоо тооцох, шинэ онд хийх ажлынхаа зураг, төсөв, төлөвлөгөө, хөрөнгө санхүүгээ тооцох, хууль эрхийн акт,  журам дүрэм боловсруулах гээд цаг завгүй л ажиллацгааж байгаа.

- Танай компанийн тухайд ямар ажлаа амжуулж байна? Ажил бүтэлтэй юу?

- Бид ч бас тиймэрхүү л ажилтай байна. Энэ хавраас нэг томоохон төслийн ажил эхлэх гээд нилээн ажилтай, амьсгаа өндөртэй л харайцгааж байна. 200 айлын орон сууц барихад ямар  их ажил болдог билээ, харин бид 2000 айлын орон сууц нэг жилийн дотор барихаар төлөвлөж байна.

- Их том ажил хийхээр зорьж байгаа юм байна лээ. Энэ талаар чинь л яриулах гээд байгаа юм...

- Энд нууцлаад байх зүйлгүй. Аль эртнээс хэдэн Засгийн Газар дамжин хэрэгжих гээд “хувьсгалын тохироо”-нь  бүрдэж чадахгүй өнөөг хүрсэн, удаандуу явцтай, бага багаар урагшилж байгаа орон сууцны чиглэлийн томоохон төсөл. Одоо шинэчлэлийн Засгийн Газрын үед л үр дүнг нь харах боломж бүрдэж байна. Товчоор хэлбэл тохироо бүрдэж байна.

-Баянголын аманд баригдана гээд байсан 18000 орон сууцны дийлэнхи орон сууцыг танайх барихаар болсон юм билээ.

- “Баянголын ам” буюу “Найрамдал” зуслан явах замд 10000 айлын орон сууц барих “Мянганы хотхон”-ы төсөл. Энэ төслийг 4 жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд 2000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй. Хэдийгээр их том ажил боловч  төлөвлөсөн ажлаа хугацаанд нь эхлээд, зохион байгуулалт сайтай ажиллавал зорилгоо биелүүлэх боломжтой. Ажил бэлтгэл шатандаа байна. Төсөл хэрэгжүүлэх газар зохих журмын дагуу Нийслэлийн Засаг Даргын захирамжаар олгогдсон 91 га талбай. Тус газартаа инженер геологийн судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан. Дэд бүтцийн асуудлыг хотын хөгжлийн төлөвлөгөөний дагуу нилээн эртнээс үе шаттай шийдэж байгаа юм.

-Хотын төвөөс нилээн зайтай юм даа. Борлуулах зах зээлийн хувьд ямаршуу төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Би хувьдаа хол газар гэж бодохгүй байна. Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөв  баруун тийшээ өргөжихөөр дүр зурагтай юм билээ. Одоогийн 1-р хороолол хүртэл хотын түгжрэлд бид хэдэн цаг саатдаг  билээ. Гэтэл 1-р хорооллоос цааш арав орчим км газарт аажуу явахад 15 минут л зарцуулна. Цаашдаа зам харгуй засагдаад түгжрэл сааталгүй  болохоор хол гэдэг асуудал огт яригдахгүй, харин ч хүмүүс эрүүл сайхан агаартай газарт амьдрах гэж хичээх болно. Зун болохоор хэд хоног ч гэсэн  эрүүл агаар амьсгалахын тулд л хүмүүс зуслан руу зүтгэдэг шүү дээ. Хэрвээ тэндээ дулаан тохилог орон сууцтай, зам тээврийн асуудал нь бүрэн шийдэгдчихсэн бол юу гэж хотын төвийн хорт утаанд угаартаж, уушиг цээжээ хордуулж суухыг хүсэхэв. Зах зээлийн тухайд олон зүйлийг ярих хэрэгтэй болно. Товчхон хэлэхэд хүний хэрэгцээ бараг л хязгааргүй. Харин орон сууцны эрэлт гэвэл тодорхой хязгаартай, тэр хязгаарыг тогтоогч нь худалдан авах чадвар буюу мөнгө. Зах зээлийн өнөөгийн нийгэмд мөнгөгүй бол хичнээн их хүсээд ч орон байр худалдан авч чадахгүй. Ийм хязгаарт чөдөрлөгдсөн маш олон хүмүүс өнөөдөр гэр хороололд амьдарч байна. Ахмад настнууд тэтгэврийн мөнгөөрөө, залуус цалингаараа орон сууц худалдаад авчих боломжгүй байна. Харин боломжийн орлоготой хүмүүсийн хувьд сонголт бий. Тэдний ихэнх нь орон байртай болчихсон  болохоор тэдэнд хандсан бодлого одоохондоо чухал биш.

-Яг тийм харагдаад байгаа юм. Тэгэхээр ямар бодлого баримаар юм бэ дээ?

- Би гэр хороололд амьдарч байгаа бүх хүнийг бага орлоготой, барилга орон сууц барих чадваргүй гэж үзэхгүй байна. Тэнд хувийн эзэмшлийн газартай, орчин үеийн инженерийн шийдэлтэй сайхан амины орон сууц барьсан ,барих боломжтой олон айл өрх байгаа. Тэдгээрийг дэмжиж дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд хичээж байна. Бас хүн хүч муутай, ажлын зав чөлөө байхгүй, цалин орлого нь бага, эсвэл хуримтлуулсан хөрөнгө бэлгүй, одоо л амьдралаа эхэлж буй залуус гэх мэт маш олон хүмүүст орон байрны хэрэгцээ байна. Тэднийг гэр хороололд гал түлж утаа униар тавиад байгааг нь зогсоочих хүсэлтэй бусад хүмүүс буюу хотын төвийн орон сууцныхан ч олон. Тэгэхээр энэ бүх шаардлагуудыг хамгийн оновчтой ухаалаг шийдэх бодлого, зоригтой шийдэмгий  бодит ажлууд хэрэгтэй байна.

 Энэ том асуудлыг ганц төр засаг эсвэл ганц хувийн компани шийдэхэд хэцүү. Харин хувийн хэвшлийн бизнесийн нөхцөл, санал санаачлагыг төр засаг дэмжиж ажиллавал богино хугацаанд үр дүн гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл байртай болох хүсэл, байранд оруулах эрмэлзэл, барилгын бизнес эрхэлж ашиг олох боломж гэх мэт олон ашиг сонирхлын огтлолцох цэгүүдийг  оновчтой холбосон ажлуудыг яаралтай эхлэх хэрэгтэй байна. Ийм бодлого төрд байгаагүй гэж хэлэхгүй, бодлогоо хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй, чадал чансаатай болсон энэ үедээ л хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнууд их асуудалтай байнаа. Яаралтай буулгахгүй бол юу юугүй нураад ирэхээр барилгад иргэд амьдарч байх юм. Үүнийг яаралтай шийддэггүй юм байх даа?

-Харин тийм ээ. Хотын төвийн хуучны орон сууцны барилгууд гэж асуудал, айдас дагуулсан олон барилга байгаа.Тийм барилгуудыг хэсэг хэсгээр нь буулгаж, төлөвлөлт хийгээд  үндэсний том компаниудаар шинэ орон сууц бариулан өмнөх оршин суугчдыг нь оруулаад бусад орон сууцыг зах зээлийн үнээр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Барилга буулгаад дахин барьж ашиглалтанд орох хүртлэх хугацаанд оршин суугчдыг түр хугацаагаар суулгах байрыг нилээд хэмжээгээр бэлдсэн байвал дараагийн асуудлыг шийдэхэд хүндрэл бага гарна гэж бодогдож байна. Бидний барих гэж байгаа орон сууцны барилгуудыг ийм байдлаар ч ашиглаж болно.

 

-Худалдан авах чадвар багатай иргэдийг орон сууцтай болгох тал дээр ямар санал байна?

- Орон сууцныхаа асуудлыг амжилттай шийдвэрлэсэн олон орон бий. Тэд улс орныхоо санхүүгийн чадвар, улс төрийн бодлого гээд олон хүчин зүйлийг тооцож янз бүрийн л аргаар хэрэгжүүлж үр дүнд хүрсэн байдаг.

Тэдгээр олон арга хэлбэрүүдээс манай улс моргейжийг нилээд судалж хэрэгжүүлэх гээд нэг л бүтэл муутай байна. Орон сууцны зээл хүссэн дөрвөн мянга шахам иргэний материалыг Төрийн Банкинд шилжүүлснээс мянга орчим иргэнд зээл олгосон бололтой. Үлдсэн хүмүүс нь хүлээсээр бүр сүүлдээ жагсаал цуглаандаа тулж байх шиг.Тэгээд бас сонгох байр ч ховор бололтой. Жагсаалтад орсон байрнуудаас 60 гаруй мянган орон сууцны ажил эхлээгүй байна гээ биз дээ.

Улс орон хөрөнгө санхүүгийн боломжтой болж байгаа үед нийгмийн халамж зайлшгүй хэрэгтэй айл өрхүүдийг байртай болгохын тулд Засгийн Газраас хөрөнгө гаргаж тэдэнд томоохон хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Мөн тэр хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа айл өрхүүдэд тохирох барилгыг барих компанид ч гэсэн ажлаа эхлэх, богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд оруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа. Ингэлээ гээд буцаад социализмын замд орчихно гэсэн үг биш.

-Яг яаж хөнгөлөлт дэмжлэг үзүүлвэл зүгээр гэж...

-Тухайлбал байр хүсэж буй айл өрх тухайн байрныхаа 10-20%-г өөрсдөө мөнгө гаргаж урьдчилгаа болгон төлөх, 50-60%-ийг моргейж буюу урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр төлөх, үлдэж буй 30-40%-ийг төрөөс хууль тогтоол гаргаж бүрэн хөнгөлөх гэсэн санхүүжилтийн загвар байж болох юм. Ийм туршлага бусад оронд тухайлбал Туркэд байдаг юм. Тэнд бүр 50 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм билээ. Манай улс малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд, газрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүйгээр  шилжүүлж чадсан сайн туршлага, алдаж гээсэн сургамжтай.

Би яагаад Турк улсын нэр цохож хэлэв гэхээр бидний хамтарч ажиллахаар тохиролцож гэрээ хэлцэл хийж байгаа түнш маань тус улсын барилгын томоохон нэр хүндтэй компани. “Манай улсад ийм туршлага бий, хэрэв танай Засгийн Газар, хотын захиргаа дэмжээд энэ төслийг хэрэгжүүлвэл бид 10000 айлын орон сууцыг маш богино хугацаанд барих боломжтой” гэж Ц.Баярсайхан сайдтай хийсэн уулзалт дээр Туркийн тал хэлж байсан.

-Турк яг манайх шиг орон сууцны хомсдолтой байсан юм байна. Гэтэл одоо гадны орныг орон сууцжуулах гээд явж байдаг...

-Турк улсад орон сууц хомсдолтой хүнд  үе байсан. Орчин үеийн барилгын шинэ технологи, шинэ материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсанаар дотоодын асуудлаа шийдээд өнөөдөр гадаадын олон улс оронд бүтээн байгуулалтын ажил хийж байна.

 Бид хамтарч ажиллах түншээ нилээд эрэл хайгуул, судалгаа хийж байж сонгосон бөгөөд хамгийн гол үзүүлэлт нь барилга барих хугацаа маш богино, дээр нь бат бөх аюулгүй байдлыг хангасан бүрэн цутгамал хийцээр барих. Тэр технологи нь “Туннелэн хэв”-ний технологи.

-Энэ технологийн давуу тал...

-Маш богино хугацаанд барилгыг барина. Барилгын үндсэн “рама” босох хугацааг 10 дахин багасгах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл суурийн ажил эхэлснээс хойш 9 давхар 90 айлын сууцыг 45 хоногийн дотор босгоно гэсэн үг. Тийм учраас бид төслийн эхний жил буюу 2013 онд нийтдээ 2000 айлын орон сууц  буюу 22 барилга босгоно гэж төлөвлөөд байгаа.

 Мэдээж хэрэг төслийн эхний шат учраас шийдэл хүлээсэн хүндрэлтэй асуудлууд гарна. Бид энэ барилгыг барихдаа материалын үйлдвэрлэлийн бааз байгуулна. Ажиллах хүчнээ сургах дадлагажуулах сургалтын ажлыг ч давхар хийхээр төлөвлөсөн.Ингэснээр гадаад ажилчдынхаа тоог цөөрүүлж өөрсдөө барилгаа барих, улмаар технологоо бусад барилгын компаниудад түгээх бодлого барьж байна. Цаг агаарын нөхцөл Туркийнхээс өөр учраас барилгын дулаалгад шинэ технологи болох“Перлитэн дулаалга” хэрэглэхээр сонгоод байна. Манай орны хувьд перлитийн олдоц ихтэй. Одоогоор хоёр ч перлитийн үйлдвэр ажиллаж байна. “Баярс констракшн” компани нунтаг асгаас буюу элсэн ширхэглэлтэйгээр үйлдвэрлэж байна. Үүнийг хавтан хэлбэртэйгээр үйлдвэрлэж эхлэх юм бол том дэвшил болж барилгын дулаалгын асуудалд шат ахисан алхам болно.

-Танай барих орон сууцны үнэ өртөг ямар байх бол. Ахиад л үнэ ихтэй сууцнууд гараад ирэх юм бол ялгаа байхгүй борлуулалтгүй болно шүү дээ.

- Ер нь төмөр бетон каркасан хийцтэй барилгыг бодвол бүрэн цутгамал хийцтэй барилга өртөг өндөртэй байх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бид эндээс гурван том зүйлийг хожих боломжтой.  Дээр хэлсэн дээ. Барилга барих хугацаа, барилгын бат бөх аюулгүй байдал, барилгын шинэ технологи эзэмших. Энэ бол том хожоо. Үүнээс гадна өртгийг бууруулах  арга зам бидэнд байгаа. Бид Туркийн барилгын компанийнхантай хамгийн бага өртөгтэй байхаар тохиролцож байна.

-Яаж?

“Туннелэн хэв” оруулж ирэх нь өөрөө өртөг зардал ихтэй учир ганц нэг барилга барихад төдийлөн сайн биш. Харин нэг загварын олон барилга барихад тохиромжтой. Бидний төсөл бол 10000 айлын орон сууцны иж бүрэн тохижилттой хотхон учраас тэнд 3-5 загварын ижил төстэй олон орон сууцны барилга босгох боломжтой. Хуучин ойлголтоор яривал нэг ижил загвартай олон барилга бүхий 1, 3, 4, 10, 11 гээд хорооллууд шиг тийм л хороолол барихыг зорьж байна. Нэг зургаар, нэг хэвээр 100 хүртэл барилгыг барих боломжтой. Ингэснээр их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэж өртгийг бууруулна. Энэ хэвний ажлын бас нэг сайн тал нь цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг технологи юм.

-Их олон барилга босож олон хүн амьдрах нь дээ?

-Нийтийн орон сууцны барилгуудаас гадна дэд бүтцийн давуу талаа ашиглаад хотхоны эргэн тойронд row house, pent house, detach house, town house, lux house гэх мэт олон төрлийн хаусууд барихаар төлөвлөсөн. Тэнд сүүлийн үед их яригдаж байгаа Канад хаус барихад тохиромжтой гэж үзэж байгаа. Бүгдийг заавал бетон байшинд амьдар гэж шахах хэрэггүй. Боломжийн амьдралтай хүмүүс олширч байна. Хүмүүст сонголт байх хэрэгтэй. Хотхоныхоо  ерөнхий төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт оруулж Туркээс гадна бусад орны барилгын компанийг төсөлд татан оролцуулаад өөр хийц загвартай бизнес ангиллын орон сууцнуудыг  барих нь зөв гэж бид шийдэж байгаа. Жишээ татахад Австрали улсын санхүүгийн өндөр чадвартай, томоохон хөрөнгө оруулагчдад бид төслөө танилцуулсан. Эцсийн үр дүн гарах болоогүй ч төслийн санааг сайн ойлгож хүлээж авч байна. Хотхонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг,  худалдаа үйлчилгээний төвүүд, захиргаа олон нийтийн  олон  барилгуудыг барих шаардлага гарна.Дээрхи барилга байгууламжийг барих газрыг төлөвлөж оруулсан. Харин эдгээрийг барихад улсын болон нийслэлийн төсвөөс санхүүжилт авах хэрэгтэй болно.

 Магадгүй хот баруун тийшээ тэлж томроод ирвэл Баянголын ам, Тахилтын ам гэх мэт суурьшлын бүсүүдийг нэгтгэсэн засаг захиргааны шинэ нэгж байгуулж болох юм. Угаасаа Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой, дийлэнхи иргэд нь гэр хороололд амьдардаг болохоор засаг захиргааны ажилтнуудынх нь ажлын ачаалал ихдээд айл өрх, иргэндээ хүрч  чаддаггүй байж болох юм. Үүнийг ч гэсэн Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид анхааралдаа аваасай гэж боддог юм. Хотхон бүхэлдээ ашиглалтанд ороход багаар бодоход 30-40 мянган хүн оршин суудаг хороолол болно гэсэн үг.

-Энэ ажлаа хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна? Баянголын амны төсөл олон жил яригдлаа шүү. Дэд бүтэц шийдэх мөнгөгүй гээд л байл уу?

-Ажил хийх хүн арга олдог, хийхгүй хүн шалтаг хайдаг гэж  үг бий. Бид олон аргаар л үзэж байна. Гэхдээ энэ бол олон асуудал дагуулсан том төсөл учир ганц компани бүх асуудлыг бие даагаад шийдчих боломжгүй. Хамгийн түрүүнд төр засгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Уг нь энэ төсөлтэй холбоотой олон захирамж, шийдвэр гарсан байдаг ч хэрэгжилт нь төдийлөн сайн биш байгаа.

 Гадны улс орны томоохон компани хөрөнгө оруулагч нараас сонсож байхад олон нийт төслийг хэр зэрэг дэмжиж байгаагаас шалтгаалан төр засаг нь шийдвэрээ гаргадаг юм байна.

Энэ төслийг Барилга Хот Байгуулалтын Яам болон Нийслэлийн Барилга Хот Байгуулалт Төлөвлөлтийн Газар эртнээс дэмжиж ирсэн. Төсөл хэрэгжих газрын дэд бүтцийн асуудлыг шийдэх ажлууд хийгдсэн. Цэвэр, бохир усны шугам хоолой болон холбогдох байгууламжийн ажил бүрэн хийгдсэн байгаа. Дулааны шугам хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бас нэг чухал төсөл бол дулааны эх үүсвэрийг шийдэхийн тулд ТЭЦ-4 дээр хэрэгжүүлж байгаа илүүдэл уурыг ашиглаж дулаан үйлдвэрлэх 210мВт чадалтай дулааны  дэд станцын төсөл байна.

 Цахилгааны хувьд төслийн эхний шат буюу барилгын ажил гүйцэтгэхэд хангалттай 110 кв шугамтай. Цаашдаа дамжуулах байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар шийдэх боломжтой. Яваандаа бүх хотхоныг цахилгаанаар хангах “Их тойрог 110кв цахилгаан дамжуулах агаарын шугам , дэд станц” гэсэн том төслийг  нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.Энэ төслөөр Баянголын аманд 110 кв-ын 22км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станц  бий болно.

-Нэг үеэ бодвол засаг мөнгөтэй болоод байгаа юм биш  үү? Харин зөв л зарцуулбал...

 -Манай Засгийн Газар олон улсын санхүүгийн зах зээлд “Чингэс” бондоо амжилттай гаргаж  нэг үеэ бодвол санхүүгийн чадвар сайжирсан. Зогсонги байдалтай байгаа олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж байх шиг байна. Барилгын салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэхэд энэ мөнгө ашиг тусаа өгөх байх гэж найдаж байгаа шүү.   Бидэнд ч төслийн  ажлаа эхлэх санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байгаа. Манайх ТЭЗҮ-ээ боловсруулж зураг төслөө бэлэн болгосон. Одоо хамтран ажиллаж ажлынхаа үр дүнг үзмээр байна. Төсөл хэрэгжвэл бага дунд орлоготой олон иргэд тохилог, чанартай, үр хүүхэддээ өв хөрөнгө болгоод үлдээчихээр байр сууцтай болно. Эцэст нь хэлэхэд бидний төслийн үр дүн богино хугацаанд олон түмний нүдэнд ил үзэгдэх учир төр засгийн байгууллагууд болон ард иргэд дэмжих байх гэж найдаж байна.

-За баярлалаа. Та бүхний сэдсэн ажилд амжилт хүсье.

                                                                                                                     

Ярилцсан П.Болор

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл