Шинэ мэдээ
Орон сууц
Хамгийн ...
Мэдээ, нийтлэл
Хэрэгцээт линкүүд
Бидний тухай
Барилгын компаниуд
Мэдээ мэдээлэл
VIVA CITY - 1614 айлын байрыг 8 сарын хугацаанд борлуулсан
2013 оны 3 сарын 4

 

 Удахгүй албан ёсны нээлтээ хийх гэж буй “Шинэ гэр” брэндийн Viva City хорооллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “MCS  пропертиз Холдинг” компанийн Пи-Ар хариуцсан менежер Б.Зоригттой уулзаж ярилцсанаа толилуулж байна.

 

-“Шинэ гэр” төслийг хэрэгжүүлэх санаа анх  хэрхэн төрсөн юм бол? Их онцлогтой төсөл шүү дээ?

-Манай захирлууд компанийнхаа залуучуудын  хамтаар хоол идэж сууж байгаад та нар байранд орох бодол байна уу гэсэн яриа өрнүүлэхэд “тэр чинь их хэцүү шүү дээ, маш их цаг хугацаа хөдөлмөр орно” гэж  хариулцгаасан гэдэг. Үүнээс  үүдээд залуучуудад зориулсан хямд өртөгтэй орон сууцыг барьж болох юм гэсэн сэдэл төрсөн байгаа юм.

-Энэ санаа гарснаас хойш  хэдий хэрийн хугацааны дараа ажил хэрэг болгож эхлэв? Хэдэн онд шаваа тавьсан билээ?

-2010 онд энэ санаа гарч 2011 оны 4 сард шаваа тавьсан. Монгол залуучуудаа орон байртай болгоё, агаарын бохирдлыг багасгая, хотыг тэлье гэдэг үүднээс Монгол гэр дээр үндэслээд бага метр квадраттай, бүрэн тавилгатай, өөрөөр хэлбэл цүнхээ үүрээд л орох боломжтой хорооллыг бариад одоо дуусах шатандаа явж байна.

-Би саяхан танай хороололд очиж үзлээ. Нэлээдгүй урт зайд хороолол үргэлжилж байна лээ...

-Манай төсөл их онцлогтой. Нэг давхрууд тэр чигтээ үйлчилгээний төвтэй, 2-5 давхартаа орон сууцтай. 33 блок байрнаас бүтэж байгаа. Хорооллын нэг өнцгөөс худалдаа үйлчилгээний төвүүдээрээ давтаж орохгүйгээр алхаад явахад 2 км орчим алхана. Нэг захаас нөгөө зах хүртэл 800 орчим метр үргэлжилдэг. Нэг давхруудад 100 гаруй үйлчилгээний төвтэй. Энд бүх төрлийн үйлчилгээнүүд төвлөрнө гэсэн үг.

-Айлууд нь байрандаа ороод эхэлжээ...

-Тийм, одоогоор 1000 орчим айл орчихсон байгаа.

-Оршин суугчдын дийлэнхи нь залуус бололтой. Тэдэнд хэрэгцээтэй төрөл бүрийн үйлчилгээнүүдийг цогцлоож чадаж байна уу?

-Орчны тохижилтод маш их анхаарч байна. Залуусаа тухтай амьдруулах үүднээс 4 ширхэг усан оргилуур барьж байна. Мандухай цэцэн хатны усан оргилуур өнгөрсөн зун ашиглалтад орсон. Энэ бол бараг урлагийн бүтээл. Төрөл бүрийн ая явахаас гадна бүжиглэдэг. Спорт тоглооомын талбай, концертын задгай талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд  их ажил хийсэн.

-Талбай дээр ажиллаж байсан ажилчдын тоо нэлээдгүй байх. Жинхэнэ бужигнаж байв уу?

-Тэгэлгүй яахав. Бүтээн байгуулалтын оргил үе нь өнгөрсөн зун байлаа. Тэр үед давхардсан тоогоор 20000 орчим хүн ажлын байраар хангагдсан байдаг. Талбай дээр нэг өдөртөө 1000 хүн ажилласан өдөр ч байлаа . 74 туслан гүйцэтгэгч, 200 орчим ханган нийлүүлэгч компани бүтээн байгуулалтад оролцсон. Манай оффисын ажилтнууд зарим өдөр туслах ажилд оролцон, цалингаа нийгэм рүүгээ хандсан сайн үйлсэд зориулж байлаа. Борлуулалт, маркетингийн залуус ажлынхаа хөлсийг хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлд хандивласан гээд л жишээ олон.

-Ийм олон хүнийг ажлын байраар хангасан төсөл маш богино хугацаанд бүх байраа борлуулсан амжилт тогтоосон гэдэг юм билээ? Гол нууц нь юу байв?

-Бодлогын хувьд залуучууд руугаа их хандсан. Байгууллагын борлуулалтыг их түлхүү хийсэн. Ажилтай орлоготой залуусыг нэг дор цуглуулж соёлтой хороолол бий болгохыг зорьсон л доо. Энэ төслийг өөрөө өөрийгөө зардаг төсөл гэж нэрлэж болно.  Бүрэн тавилгатай хямд үнэтэй байранд зөвхөн цүнхээ үүрээд л ороод ирэхийг хүссэн залуус маш их хандсан. Тэр утгаараа өөрөө өөрийгөө борлуулдаг төсөл. Мэдээж борлуулалтын ажилчид, маркетингийн бодлого үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

-1600 айлын байрыг хэдий хэрийн хугацаанд борлуулсан бэ?

-Ердөө л 8 сар. Зарим өдөрт 40 гаруй байр борлогдсон байдаг. Зарим дэлгүүрт талх хүртэл тэгж зарагддаггүй шүү дээ. Энэ төслөөс хамгийн олон байр борлуулсан борлуулагч 300 гаруй байр зарсан байдаг нь дундаж хороололтой тэнцэнэ.

-Тухайн үед хэдээр зарж байлаа?

-1000-1050 доллар. Тухайн үед долларын ханш 1200 төгрөг байсан.

-Хорооллоор яваад оршин суугчидтай уулзаж байхад MCS-д ажилладаг  албан хаагчид  нэлээдгүй  байсан. Компанийн хэдэн ажилтан тус хороололд амьдарч байна вэ?

-600-аад гэр бүл бий.

-Байгууллагын борлуулалтыг түлхүү хийсэн гэлээ? Ямар байгууллагын ажилтан албан хаагчид хамгийн ихээр оршин сууж байна?

-Голомт банкны ажилчид их авсан.Бид хамтран ажиллаж байсан гэдэг утгаараа тус банкныхан нэлээд байр авсан байдаг.

- Иргэд Голомт банкны зээлээр авч байл уу?

- Залуучуудаа дэмжиж “Голомт”банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулахын тулд хамтран ажилласан юм. Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр сарын 1,2 хувийн хүүтэй зээлэнд хамруулж, урьдчилгаа 10-20 хувийг авч байсан нь залууст маш том санхүүгийн хөшүүрэг болсон. Тэр үед бусад банкны хүү 1,5-1,6 байлаа.

-Танайх дэд бүтцээ өөрсдөө шийдсэн байх аа?

-Дэд бүтцийг бид өөрсдөө шийдсэн. Дулаан, цэвэр бохир усны 7 км гаруй шугамыг өөрсдийн хөрөнгө, инженерүүд, менежментээ ашиглаад  хороолол руугаа татсан. Их хэмжээний хөрөнгө шаардагддаг юм билээ. Миний сонссоноор сая орчим доллар зарцуулсан гэсэн.

- “Шинэ гэр” брэндийн хорооллыг Өмнө-Говийн Цогтцэцийд барьж байгаа. Харин нийслэлд  дахин барих төлөвлөгөө байна уу?

-Тийм хүсэл байна. Гэхдээ төсөл хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Дэд бүтэц, газар гээд л. Түүнээс биш менежмент, инженерүүд нь байна, томоохон хүчин зүйлүүдийг шийдэж чадвал залуусаа хямд сууцаар хангах хүсэл байна.

-Энэ төслийг дахиад хэрэгжүүлэх болвол анхаарах, шинээр хэрэгжүүлэх  зүйлүүд харагдав уу? Залуус хэдэн метр.квадраттай байрыг ихэвчлэн сонирхож байх юм...

-Бид байр худалдаж авсан хүмүүсийн дунд судалгаа хийсэн. Анхаарах зүйлүүд байна. Өмнөх төслөөсөө суралцаад, алдаа байвал засаад явахгүй бол болохгүй. Голдуу 30-40 метр.квадраттай байрыг сонирхдог нь судалгаагаар харагдсан.

-Хямд гэхээр л чанар муутай мэт ойлгогддог тал бий. Барилгын чанарын талаар  яривал...

-Мэргэжлийн комисс хүлээж аваад дүгнэлт гарах гэж байна. Монгол инженерүүд  барьж гүйцэтгэсэн, чанартай байр гэж хэлэх байна. Миний хувьд  мэргэжлийн хүн биш учраас нарийн сайн тайлбарлах боломжгүй байна л даа.

-Төслийг амжилттай дуусгахын тулд компани тэр чигээрээ л хөдөлсөн болов уу?

-Манай инженерүүд, ажилчид өнгөрсөн зун амралтгүй л ажилласан. Олон компанийн 1000 орчим залуусыг нэг дор зангидаж ажиллана гэдэг амаргүй л байлаа.

-Яаж ард нь гарна даа гэсэн бодол мэдээж төрж л байсан байх...

-Тийм шүү. 2011 оны 4 дүгээр сард суурь цутгаж байхад яаж барьж дуусна даа гэсэн бодол орж ирж байсан шүү. Гэтэл 2 жилийн дотор бүх барилгууд босоод одоо цөөхөн айл орох үлдсэн байна. Үүнийг хараад инженерүүд, удирдлагаараа бахархах сэтгэл манай ажилтан бүхэнд төрж байгаа. Барилга баригдаж байх үед манай оффисын ажилтнууд туслах ажилд оролцон, цалингаа нийгэм рүүгээ хандсан сайн үйлсэд зориулж байлаа. Борлуулалт, маркетингийн залуус ажлынхаа хөлсийг хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлд хандивласан гээд л нийгэм рүүгээ хандсан сайн үйлсийн жишээ олон.

-Нээлтээ сүр дуулиантай хийнэ биз?

- Нээлтийг ирэх зун хийнэ. Сүртэй л  хийх бодолтой байна шүү дээ.

-Цогтцэцийд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар тодруулаач? Хичнээн айлыг орон сууцаар хангах  вэ?

-Тус суманд “Шинэ гэр” брэндийн “Цэций” төслийг хэрэгжүүлж байна. 720 айлын орон сууц баригдана. Ирэх 6 дугаар сард ашиглалтад бүрэн оруулах төлөвлөгөөтэй, одоогоор 300-аад айл орон сууцандаа орсон байна. Мөн л бүрэн тавилгатай байрууд.  “Энержи Ресурс”-ын ажилчид голдуу худалдаж авсан. Нутгийн иргэд ч авсан.

--Уул уурхай хөгжиж хүн амын тоо өсөж байгааг харгалзсан байх. Харин бусад аймгуудын төвд ийм хорооллууд баригдвал тун зүгээр юм шиг. Тийм бодол байгаа юу?

-Уул уурхай хөгжиж хүн амын тоо эрс өсөж байгааг харгалзахын зэрэгцээ хотын соёлыг хөдөө хүргэе гэдэг үүднээс  энэ сумыг сонгосон. Олон хүн тийшээ очиж ажиллаж амьдарч байна, тэд хотод амьдарч байсан шигээ амьдрах хүсэлтэй л байгаа. Энэ бололцоог нь хангаж өгөх үүднээс “Шинэ гэр” төслөө Цогтцэцийд хэрэгжүүлсэн. Аймаг бүрийн төв дээр энэ төслөө хэрэгжүүлэх  бодолтой байна.

 -Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Цүнхээ үүрээд л иж бүрэн тавилгатай, хямд үнэтэй орон сууцанд орох боломжоор хангасан тухай менежер ярьсан. Тус хорооллын байруудаар орж өрөөний зохион байгуулалт, тавилгыг сонирхсон юм. Гал тогооны тавилга, индукцэн плитка, хөргөгч, угаалгын машин, зурагт, буйдан, унтлагын ор, ширээ, сандал, хувцасны шүүгээ гээд л айлд байх ёстой бүхнийг бэлдэж өгсөн байв. Анун үйлдвэрийн тавилга, Могул брэндийн зурагт, Haier брэндийн угаалгын машин, хөргөгчтэй юм билээ. 

Барилгууд бүгд баригдаад дууссан болохоор одоо цэвэрлэгээний голдуу ажлууд хийгдэж байгаа аж. Хороолол дотор үйлчилгээнд явах жижиг оврын машинууд нь бүгд цахилгаанаар ажилладаг гэсэн. Байр болгоны гадаа камертай юм. Олон давхар гражтай байхаар төлөвлөсөн гэж байсан. Нэгдүгээр давхрын үйлчилгээний төвүүдийг бүгдийг нь худалдаад авчихсан байна лээ.

Залуусын жишиг хорооллоор орж оршин суугчидтай уулзахад бүгд л сэтгэл хангалуун, эндээ цаашид амьдрана гэж байв. Эхэндээ ус бага зэргийн зэвтэй гарч байсан ч одоо зүгээр болсон, өөр асуудал байгаагүй гэж бидний уулзсан оршин суугчид ярьж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                            П.Болор

 

 

Бүх орон сууц
Шинэ орон сууцны
дундаж үнэ
Олон өрөө:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5+
Санал асуулга
Орон сууцны үнэ цаашид...
© 2012 - www.shinebair.mnУлаанбаатар хотын бүх шинэ орон сууцны мэдээлэл